Tuesday, December 8, 2009

Хэлж амжаагүй ... Төгсгөл

Зуны гурван сар түүнийг үе үехэн зүүдэлж хааяа нэг бодон харамсдаг байлаа. 10 дугаар ангид орж ангийн охидууд бүгд л хөөрхөн харагдана. Нүд ирмэхийн зуур ахиад л нэгэн хавар ирж төгсөлт хаяанд иржээ. Хөөрөн догдолж, харамсан хорогдож байсан ч цаг өнгөрсөөр 10 жилийн сурагчийн ширээнээс оюутны амьдралд хөл тавин шинэ амьдралтайгаа золголоо миний бие. Цаг хугацаа өнгөрсөөр нэг мэдэхнээ би эрийн цээнд хүрэх нас минь нэгэнтээ болжээ. Хүүхэд насны гэнэн мөрөөдөл, хийсвэр сэтгэлгээ тэртээ хол үлджээ.
Дүн өвлийн нэгэн цас бударсан өдөр 3 дугаар цаг завсарлан цай уухаар хоёр давхараас уруудан гарах хаалганы зүг дөхлөө. Гэтэл нэг л дотно харсан царай. Зог тусан хэн билээ гэж бодтол 10 жилдээ хэлж амжаагүй нууцхан шохоорхол тэр зогсож байлаа. Энэ удаад би яах вэ...



Хажуугаар нь итгэл дүүрэн, нүүрэндээ үл мэдэг инээмсэглэл тодруулсаар түүний дэргэдүүр зөрж өнгөрлөө. Дэргэдүүр нь гарахдаа 10 жилийн нууцхан бөгөөд гэнэн шохоорхол минь үүрд баяртай гэж дотроо аяархан боловч итгэлтэй шивнэж билээ.

No comments:

Post a Comment