Friday, October 23, 2009

“Би чамд хайртай-2” зохиол буюу гинжин урвал мэт хөгжлийн хэлхээ

13 . Бизнес, маркетинг, хошин шог гэх мэтчлэн шинэ салбарууд хурдтай, амжилттай хөгжиж байхад зарим дэвсгэр суурьтай, өв уламжлалаар муугүй салбарууд социализмын үеэсээ дордож доголдсон байна. Үзэгчид, худалдан авагчид гэсэн маш хатуу шүүлтүүртэй, өрсөлдөгч ихтэй, зах зээлийн ширүүн давалгаа хэмээх шалгууртай, хийж бүтээсэн юм ихтэй тул дээр дурдсан бизнес, хошин шог зэрэг салбарууд хийж бүтээхийн хирээр хөгжихөөс ч аргагүй.

Уран зохиолын салбарын хувьд ганц энэ киноны зохиол ч биш, ерөнхийдөө уран бүтээл, уран бүтээлчид хийж бүтээж байгаа юм хомс, эрэлхийлэл багатай байгаагаас шалгуур, өрсөлдөөн гэх юмгүй, шалгуур болоод өрсөлдөөнийг тодорхойлох, дэнсэлж цэгнэх боломжгүй, зах зээлд орох яагаа ч үгүй, нов ногоон түүхийгээрээ байгаа юм.
Өмнөх нийгэмд хэн дуртай нь одоогийнх шиг бүтээл туурвиад олонд толилуулаад байдаггүй байсан, уран бүтээл хатуу цензүүр, шалгуур хяналттай байсан учраас сэтгэл шингэсэн олон сайхан кино, уран бүтээл төрсөн гэх хүн гарч болох л юм. Тэгвэл хойшоо харах биш, урагшаа харж амьдаръя л даа гэж сайхан үг байдаг.

Чухамдаа урагшаа биш, хойшоо харж цаг алдсан учраас ч уран зохиолын салбар иймэрхүү байдалтай байгааг үгүйсгэх аргагүй. Өмнөх үеийнхнээсээ эрс тэс ялгаатай, илүү боломжтой түүхэн цаг үед амьдарч, уран бүтээл хийх боломжтой болсон 1990-ээд оны гэгддэг уран бүтээлчид уран зохиол хэмээх тасрашгүй урт гинжин хэлхээнд өөрсдийнх нь өмнөх нэг хэлхээс болон хамт хэлхэгдсэн соц үеийн зохиолчидтой өөрсдийгөө харьцуулан, ингэснээр өөрсдийгөө доош нь оруулж, ухралт хийхийн оронд цагийн эрхээр гарцаагүй өөрчлөгдөх нь хэнд ч тодорхой салбарын өөрчлөлтийг өөрсдийн үүрэг хэмээн хүлээн авч, авах гээхийн ухаанаар урагшаа явсан бол уран зохиолын салбар өнөөдөр ийм муу зохиол болон кино гаргахааргүй болтлоо хөгжиж дэвжих байсан ч байж болох юм.

Кино урлагийнхны хувьд бол хойш харж,өнгөрсөн цаг үеийнхэнтэй нэгэн зиндаанд өөрсдийгөө аваачиж доошоо ороогүй ч тэднээс суралцаж, авч үлдэх ёстой юмаа авч үлдэж чадалгүй, кино урлагийн гинжин хэлхээг тасрахад хүргэсэн эмгэнэлт дүр зураг харагддаг билээ.

Чухамхүү гинжин хэлхээ мэт өмнөх үеэсээ гинжин урвал мэт өвлөх ёстойг нь өвлөн авах замаар хөгжиж дэвжиж сайн уран бүтээл төрдөг болохоос сайн уран бүтээлийн нэрээр хүчиндэж үзэгч олныг хуурч хөгждөггүй байлтай.

No comments:

Post a Comment